565 x 125px Баннер
Uncategorized

Гологдсон ерөнхийлөгч

Нийтлэсэн: 0 Сэтгэгдэл

1495507530_27u15r08sh7pd34i90v0cbcsu2

Биеэ засаад, гэрээ зас,
Гэрээ засаад төрөө зас
/Чингис хаан/

Монголчууд 7 дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. 7 дахь удаагаа долоо хэмжиж нэг огтолж чадах уу? Сонгохынхоо өмнө чухам хэн бэ? гэдгийг нь алган дээрээ тавьсан мэт харж тэмтэрч, харьцуулан бодох уу? Сонгосныхоо дараа олуулаа амаа барьцгаах уу? Ц.Элбэгдоржийг өнөөдөр амаа уралдан муулж байна. Дэвлээ шавлаа, уран ярихаас биш ажил хийсэнгүй, төрийн хүний намбагүй тавьтиргүй марзан нөхөр, Эрдэнэтийн 49 хувийн цаад эзэн… Эцсийн эцэст Та бид өөрсдөө л энэ хүнийг илүү гэж сонгосон шүү дээ. Ц.Элбэгдорж тэнгэрээс бууж ирээгүй, улаан Москвагаас томилогдоогүй. Бид өөрсдөө л Ц.Элбэгдорж нь Н.Энхбаяраас шударга, Б.Бат-Эрдэнээс боловсролтой  гэж сонгосон. Хэрвээ хуурагдсан бол Монголын ухаант ард түмэн хоёрын хоёр удаа хамт олноороо молиго үмхсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуультай, сонгуульгүй наадам сайхан болдгоороо сайхан болно. Төрийн наадамд торгон жолоо өргүүлэх хурдан хүлгээ нарийн гярхай ажиж мэддэг тухай омог бахархал цууриатна. Толгой, чих, омруу том, товгор бүдэрхийтэй гэх зэрэг 32 шинж нь бүрдсэн ажнай төрийн наадамд торгон жолоо өргүүлдэг тухай Л.Цагаандалайн нэвтрүүлэг гарна. Тэгвэл улсын жолоо атгах хүн ямар шинжтэй байх вэ? Бүр ард түмнээс сонгогддог цор ганц албан хаагч Ерөнхийлөгч ерөөсөө чухам хэн байх вэ? Наад зах нь сургууль, соёлоо дүүргэсэн үү, сурлагандаа хэр хүүхэд байсан юм бол? Эх орны алтан гурав гэдэг дүн авч, эцэ эхийнхээ нүүрийг улалзуулсан этгээд байв уу? Төрийн анхан шатанд ажиллахад нэхдэг диплом төрийн өндөр албанд шал хэрэггүй цаас болж хувирах нь зөв үү? Тэгвэл 161 мянган оюутан сурч байна гэж, эцэг эх нь төлбөр мөнгийг нь олох гэж байдгаа барах нь утгагүй явдал болно. Ажлаа алдсан төрийн албан хаагч эмэгтэй Завханд амиа хорлосон нь эмгэнэлт явдал биш гэж үү?

Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ түүхийг сөхвөл уншдаг ном, дипломын өнгө, сурлагын дүн, өөрөөр хэлбэл төр тэргүүлэхэд хэр бэлтгэгдсэн бэ гэдэг нь сонгох эсэхээ шийдэх үндсэн гол шалгуур шинж, үнэмлэмж босго нь байсан хэрэг.

1993 оны анхны сонгуульд Монголын билгүүн номтон, сэцэн ухаантны нэг Л.Түдэв, уул уурхайн инженер-эдийн засагч П.Очирбат нар халз өрсөлдлөө. Хоёр доктор халз үзэж, арын хаалгагүй, хатуу цагт төрийн сайд болсон, өндөр босгыг давж Зөвлөлтөд сургууль дүүргэсэн П.Очирбатыг соёл боловсрол багатайд тооцогдож байсан юм.

1997 онд Н.Багабанди, П.Очирбат, Ж.Гомбожав гурав өрсөлдөв. Эрдмийн зэрэггүй нэр дэвшигч гаргах нь ёсонд хазгай хэрэг байлаа. Гурван дэд эрдэмтэн, одоогийнхоор бол PhD  нар, хоёр инженер, нэг эдийн засагч  эрдэм мэдлэгээ шалгуулсан.

2001 он. Дэд доктор Н.Багабандитай 2 математикийн шинжлэх ухааны доктор, академич Р.Гончигдорж, доктор, профессор, Монголын сэхээтний төлөөлөл болсон Л.Дашням ИЗНН-аас өрсөлдсөн.

2005 онд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын дунд гол өрсөлдөөн болсон. М.Энхсайханы саналыг хуваах зорилготойгоор Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн. Москвад М.Горкийн утга зохиолын дээд сургууль төгсөж, социализмын үед ганцаараа Английн Лийдс сурч, Буддагийн сургааль, дэлхийн сонгодгуудаас орчуулсан Н.Энхбаяр өнөөгийнхөөр бол магистраас цаашгүй л гэгдэж байв. Зах зээлд шилжих үндсэн суурь 5 шийдвэрийн лавтай гурвыг нь зориглон гаргасан эдийн засгийн ухааны доктор М.Энхсайхан өрсөлдөн өвдөг шороодсон.

2009 онд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрыг сэтгүүлч, орчуулагч гэж зарим нэг нь голонгуй байсан ч Львов, Москва, Англи, Америкт номын дуу сонссон хүмүүс билээ.

2013 онд оролдого сайт оройд нь гэгчээр орой, эчнээгээр ч боловч Цагдаагийн дээд төгсөж, хууль зүйн магистр, доктор хамгаалсан Б.Бат-Эрдэнэ боловсролгүй харанхуй, бичиг үсэггүй шахам хүний тоонд орсон. Б.Бат-Эрдэнийг бөх хүн бүдүүн баараг, Ерөнхийлөгч болох эрдэм ухааны бядгүй гэж адалсан хүн нь өнөөдөр өөрөө нэр дэвшигч болсон. Хувь заяаны егөөдөл гэж энэ. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга “Бөх барилдаж байсан сурна гэж байдаггүй. Би гэхэд 6 удаа их сургуульд орсон. Дээд тал нь сар суусан” гэж өөрөөрөө жишээлэн, бөхчүүд Ерөнхийлөгчөөр ажиллах мэдлэг, чадваргүйг маш тодорхой хэлж байв.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан гурван хүний хоёр нь дээд боловсролгүй. Хонгорын хоёр дипломгүй. Баянхонгорын Галуут сумын уугуул хоёр нэр дэвшигч хоёулаа дээд боловсролын дипломгүйгээр төрийн тэргүүний суудал горилж байна. Фэнгшүй хэмээх С. Ганбаатар хэдэн жил “Би эдийн засагч хүний хувьд хэлэхэд…-” гэж ирээд ярьдаг байсан бэ? Хоёр дээд сургууль төгссөн гэж лекц уншсан өөрийнх нь бичлэгийг нь өөрт нь үзүүлж байхад л “Би мастер хамгаалсан” гэж гүрийсэн. Бакалавргүй мастер гэдэг бол тоо мэдэхгүй нягтлан, хими үзээгүй эмч гэж байдаггүйтэй адил алгасч болдогггүй эд. Шууд мастер гэдэг ойлголт фэнгшүйд байж болно, дэлхийд үгүй. Өөрийнхөө намтрыг худлаа биччихээд өрөөлөөс үнэнийг нэхэх нь шударга бус. Х.Баттулга нь нэг аймаг, нэг сумын дүүгээсээ нэг зүйлээр давуу. Дээд боловсролгүй гэдгээ нуудаггүй. Гэхдээ өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аваргыг, бөхчүүдээ төр тэргүүлэх боловсролгүй гэдэг ойлголт өгсөн нь өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгч болоод байна. М.Энхболд доктор профессор биш ч гэлээ МУИС-ийг төгссөн. Харин өрсөлдөгчид нь М.Энхболдыг биш МУИС-ийг үгүйсгэхийг оролдсон нь өөрсдөд нь халтай. Монголын хамгийн ууган, хамгийн том их сургуулийн үе үеийн  мянга мянган төгсөгчийг доромжилсон хэрэг болно. Социализмын үед сургууль төгссөн бүхэн хоцрогдсон гэх үг хэллэг цухалзаж байгаа нь ч 50-иас дээш насны бүх хүнийг үл хүндэтгэсэн, зүгээр л тэнэг алдаа мөн. Өөрөөр хэлбэл дипломтой нь М.Энхболд, дипломгүй нь Х.Баттулга, дипломтой ч юм шиг нь С.Ганбаатар гэдэг нь хөдөлшгүй баримт. 2016 оны УИХ-ын сонгуульд нутаг усныхан нь итгээгүй, сонгоогүйн үндэс шалтгааны нэг нь эрдэм оюун дутсан гэж үзсэнийх ч байж болно.

Эрдэм оюуныг дээдлэх нь төрийн хүний эрхэм шинж гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаас эхлээд хэлж ярьдаг. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, С.Зориг нарыг суртал ухуулгадаа ашигладаг улс төрчид тэр хүмүүс шиг бичиг цаас нухдаг, ном судар уншдаг чанарыг нь даган дууриавал үлгэр жишээ болно.  1993 онд 92,73 хувийн ирцтэй байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц бууран буурсаар дөрвөн жилийн өмнө 63,89 хувь болжээ. Ирц багасав уу, итгэл алдрав уу? Итгэл алдарч, сэтгэл цөхөрсөний, өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн эрдэм мэдлэг, ёс зүй гологдсоных уу? Монгол төрийн босго өндөр үү, нам уу? Дэлхийн 196 улс дотор дээд боловсролгүй нэг ч Ерөнхийлөгч байхгүй л юм билээ. Бичиг үсэггүй Африкийн омог отогт л байж мэднэ.

Ж.Бат-Ирээдүй