Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа энэ сарын 4-нд Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-ны Москва хот дахь төв байранд зочилж, тус банкны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косовтой уулзав.
Уулзалтын үеэр ОУХОБ-ны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов тус банкны үндсэн үйл ажиллагаа, Монгол Улсад хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээ, олгосон зээлийн талаар товч мэдээлж, цаашид монголын банк, санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйтай хамтран ажиллах бодлогын талаар танилцууллаа.
Элчин сайд Д.Даваа Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг өргөтгөх асуудлыг дэмжихийн зэрэгцээ тус банкнаас ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Туул голын сав газрын судалгаа, хамгаалалтын чиглэлээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хэрэгжүүлж буй грант төслийг цаашид үргэлжлүүлэхийг хүссэн байна.
Унгар улсын нийслэл Будапешт хотноо байрладаг Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь 1970 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд Монгол Улс тус банкны анхны гишүүний нэг юм.